Жүжигчин А.Алтанхуяг: Би дууллаа, битгий цочоорой

“Сүлд дуучин болжээ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Энэ талаар түүнээс лавлахад “Үнэхээр дуучин болсон” гэлээ. Тэрээр “Хос зүрх” нэртэй анхны уран бүтээлээ ч гаргаад амжжээ. Яагаад дууны урлагийг сонгох болсон талаар Сүлд буюу жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа.

-“Тусгай салаа” киноноос хойш юу хийв. Нэг хэсэг таг чиг байлаа?
-Киноны дараа уран бүтээлийн олон санал ирсэн. Тэр бүхнээс татгалзаж нэг хэсэг амралттай байлаа. Хотын дуу чимээнээс салж, хөдөө яваад ирсэн. Одоо “Great paragon pictures” студид ажиллаж байна.

-Өөрийг чинь үргэлжлүүлэн кинонд тоглох байх гэж боллоо. Гэтэл дуу дуулаад гараад ирэхлээр хүмүүс гайхах байх аа?
-Санаандгүй тохиолдол байсан юм. Би МҮОНТВ-тэй хамтран ажилладаг. “Өдөр өдрийн наран” кинонд залуучуудын сэдэвтэй дуу хэрэгтэй байгааг сонсоод үзээд алдъя гэж шийдсэн. Найруулагч н.Энхтөр ах намайг дэмжсэн. Хөгжмийн зохиолч Б.Аранзай ах ч “Шүлгээ олоод ир” гэсэн. Шүлэг хайж баахан гүйлээ. Өөрөө бичсэнийгээ уншихаар киноны зохиолтой нэг л авцалдаж өгдөггүй. Тэгээд яруу найрагч Д.Үүрийнцолмонгоос “Хос зүрх” дууныхаа шүлгийг авсан. Дуу бүтнэ гэдэг ямар хэцүү гэдгийг мэдэрсэн. Яг дарааллаар нь хөлс хүчээ урсган байж дуугаа хийсэн болохоор гайгүй уран бүтээл болсон гэж бодож байна.

-Тэгэхээр “Өдөр өдрийн наран” киноны дуу байх нь ээ?

-Яг тийм биш ээ. Хийж дуусаад телевиз дээр очоод шалгуултал кинонд бас л тохироогүй. Тэглээ гээд миний урам хугарсангүй. Нэгэнт л эхэлсэн ажил болохоор клип хийгээд үзэгчиддээ хүргэе гэж бодсон. Найзууд минь ч надад зөвлөсөн. Ая бэлэн болсон ч дуугаа сурах гэж хоёр долоо хоног будилсан даа. Аранзай ах дээр очихоор “Болохгүй байна. Мэргэжлийн зүйл дутаж байна” гээд л буцаана. Хэсэг хугацаанд зүтгэсний эцэст 2016 студидээр бичлэгт орж, одоо л нэг дуу шиг дуу боллоо гэсэн үг сонссон. Энэ үг надад маш их урам өгсөн. Хүн чадахгүй ч гэсэн зүтгээд байвал бүх зүйл болдог гэдгийг ойлгосон.

-Дуу чинь хэзээнээс цацагдах юм бэ. “Өдөр өдрийн наран” кинонд тохироогүйд сэтгэл гонсгор байна уу?
-Жаахан харамсалтай л юм. Гэхдээ хүмүүст хүргэх болсондоо баяртай байна. Дууны үг надад их таалагдсан. Хүн хүссэн зүйлдээ бүх хүчээ зарцуулдаг гэдэг үнэн юм билээ. Клип маань удахгүй цацагдана. Клипдээ Номингоо тоглуулах уу, яах уу гэж бодсон. Тэгээд хүмүүс дахиад л нөгөө “Тусгай салаа” гэх байх гэж бодоод өөр хүн тоглуулсан байгаа.

-“Хос зүрх” дурлалдаа шатаж байгаа хүний дуу шиг санагдлаа. Найз бүсгүйтэй болоо юу?
-Тийм шүү. Гэхдээ би дурлаагүй. Дуугаа сайхан дурлалтай таарсан бүх хосууддаа зориулсан. Харин би нэг хэсэг дуундаа дурлаад баларлаа шүү дээ. Өдөр шөнөгүй аялаад л. Би анхны хайраа одоо ч мартаж чадаагүй яваа. Ер нь одооны охидын ихэнх нь л мөнгө боддог болсон юм шиг санагддаг. Надад аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, хүнийг байгаагаар нь хайрладаг эмэгтэй таалагддаг.

-Сүлд гэдэг нэр салахгүй нь ээ. Одоо ч хүмүүс дуудаж харагддаг?
-Энэ нэр насан туршид минь хамт байх болно. Хүмүүс одоо ч намайг Сүлд гэдгээр хүлээж авдаг. Хос зүрх дуун дээр найзууд минь Сүлд гээд биччихсэн байсан. Би түүнийг Хуягаа болгосон. Ингэх шаардлага байсан. Дуучин биш учраас хүмүүсийн өмнө нүүр улайхааргүй зүйл хийхийг хүссэн. Би дүүтэйгээ амьдарч байгаа. Тэр минь сонсоод “Та яг дуулсан уу” гээд дахин дахин асуугаад байгаа.

-Тайзны урлагт хөл тавих бодол байдаг уу. Жүжигчин бүхэн л тайз мөрөөддөг?
-Жүжигчин байхын жаргал зовлон их. Энэ нэрийг хайрлаж өндөрт өргөж явах гэж хичээж явна. Цаг нь болохоор тайзны урлагт хөл тавина. Маш олон мөрөөдөл байна. Удахгүй гоё кино хийхийг зорьж байна. Авьяаслаг, хүчтэй бага бүрдүүлэх хүсэлтэй байна. Урлаг бол хэмжээ хязгааргүй ертөнц. Энэ ертөнцийн нэгэн эд эс нь байхыг хүсдэг дээ.

-Таныг багаасаа амьдрал үзэж өссөн гэж сонссон. Урлагийн хүн болоход юу нөлөөлсөн юм бэ?
-Би Биокамбинатад өссөн. Аавыгаа ерөөсөө мэддэггүй. Ээжээсээ асуух гэхээр айгаад болдоггүй юм. Ээж маань төсвийн байгуулагад ажилладаг. Би авьяастай байсан гэхээсээ илүү амьдрал үзэж өссөн дөө. Жимс түүж зардаг байлаа. Зун болохоор хөдөө адуу мал эргүүлээд явдаг байсан. Наймдугаар ангийнхаа хонхны баяраа хөнгөн цагаан цуглуулж, тушаагаад тэмдэглэж байсан. Одоо энэ бүхнийг бодохоор сайхан дурсамжтай санагддаг. Одоо надад их л тус болж байна. Хүнээс үг сонсч чаддаг, тэвчээртэй болгосонд баярладаг.

-Кинонд тоглосон жүжигчидтэйгээ сайн найзууд болсон биз дээ. Одоо уулзаж байгаа юу?
-Кино зураг авалтын үеэр гурван сар нэг өрөөнд хамт амьдарч байсан болохоор бие, сэтгэл нэг болсон. Кино зураг авалт дуусахад нэгнээ их санадаг юм билээ. Т.Эрдэнэбаяр ахыг хүндэлмээр санагддаг. Манай Түвшин одоо УДЭТ жүжигчнээр ажилладаг. Амьдралын туршд сайхан найзууд болсон доо.

Т.Сайхан

Be the first to comment on "Жүжигчин А.Алтанхуяг: Би дууллаа, битгий цочоорой"

Leave a comment

Your email address will not be published.


*