Uncategorized

А.Ариунхишлэг: “Би алдартай дуучин болтлоо хичээх болно”… Энд дарж үзнэ үү

А.Ариунхишлэг: Бусдаас тусламж авахаас илүү тэдэнд туслах нь гоё мэдрэмж өгдөг

Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 7в ангийн сурагч А.Ариунхишлэгтэй ярилцлаа. Тэрээр Сим Бионкс ХХК, Хүүхдийн энгийн мөрөөдөл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Энгийн мөрөөдөл” төсөлд хамрагдсан юм. Энэхүү төсөл нь хандив цуглуулан жилийн хугацаанд 50 хүүхдэд бионик гар бэлэглэх зорилго тавиад байгаа билээ. Энэхүү гар нь хүний өдөр тутамдаа хийдэг найман төрлийн үйлдлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийх чадамжтай. Хүний хөдөлж буй булчингаас мэдээлэл аваад сенсороор дамжуулан програмын код болгосноор гүйцэтгэлээ хийдэг байна. А.Ариунхишлэг нь дэлхийд танигдсан дуучин болох хүсэлтэй, хүнээс тусламж авахаас илүү өөрөө бусдад туслах дуртай гэдгээ бидэнтэй хуваалцлаа.

-“Энгийн мөрөөдөл” төслийн хамт олноос бионик гар бэлэглэлээ. Анх төслийн багийнхантай хэрхэн танилцсанаас нь яриагаа эхэлье?

-Би “Ахиллис” бүлгийн уулзалтад очиж, хамт ууланд гардаг байсан. Энэ бүлгийн ахлагч ах энэ төсөлд намайг хамруулж, гар бэлэглэсэн. Бид нар бүлгээрээ бямба гариг бүр өглөө 06.00 цагаас хамт алхаж, гүйж, ууланд гарч цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Бүлгийн гишүүдээс хамгийн жоохон нь би. Би ээжтэйгээ, заримдаа ахтай хамт уулзалтад очдог. Гэхдээ миний үеийн бас нэг хүүхэд бас ээжтэйгээ ирдэг байсан.

-Бэлэглэсэн гар нь чиний төсөөллөөс өөр байсан уу, ямархуу санагдсан бэ?

-Би төрөхдөө л ийм гартай төрсөн гэсэн. Юм бүхнийг би чадна гээд л хийдэг байсан. Анх хиймэл гарыг хараад хүнд байх юм шиг санагдсан ч маш хөнгөн байсан. Хиймэл гараа зүүх үед бодлоороо удирдаад ч байгаа юм шиг санагдсан. Гараа хөдөлгөхөөр хөдлөөд л, нугалмаар санагдахад нугалардаг юм байна лээ. Харин арагшаа хөдөлгөхөд нэг тохиргоог нь солиод хөдөлгөдөг. Би өмнө нь нэг гартай ч гэсэн дугуй унаж чаддаг байсан л даа. Гэхдээ энэ гартайгаа дугуй унахад илүү амар байна байх гэж бодож байна. Одоо ийм гартай болсон юм чинь ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд бүх чадлаараа хичээх болно.

-Чиний ирээдүйн зорилго юу вэ?

-Манай ээж, аав маш гоё дуулдаг. Би ч бас дуулах дуртай. Урлагийн үзлэг, найрал дууны тэмцээнүүдэд зөндөө орж байсан. Би байр эзэлж үзээгүй. Гэсэн ч би ирээдүйд “Black Pink” шиг хамтлагтай болох болно. Ялангуяа “Black Pink”-ийн “Rose” шиг дуучин болно. Яагаад гэвэл “Rose” хөөрхөн, гоё дуулдаг, гоё бүжиглэдэг.

-Чи тэгэхээр “Kpop” хамтлагууд их сонсдог байх нь ээ?

-Тийм. Манай найзууд бас сонсдог. Жишээлбэл, Black Pink, BTS, Mamamoo, EXO гээд сонсоно. Анх би эд нарыг сонсдоггүй байсан. Тэгээд ангийнхан сонсоод байхаар нь сонсоод үзсэн чинь дурлачихсан. Миний утасны галлерейгээр дүүрэн Black Pink-ийн зураг байгаа. Би дуучин болохдоо Монголоо төлөөлж, бусад улсуудын дуучидтай өрсөлддөг дуучин болно. Манай хамтлагт миний сайн найзууд байгаасай гэж хүсдэг. Манай найзууд бүгд маш гоё дуулж, бүжиглэдэг л дээ. Солонгос дуучид чинь алдартай болчихоод кинонд бас тоглодог. Хэрвээ би дэлхийд алдартай дуучин болоод надад кинонд тоглох санал ирвэл гоё.

-Аав, ээждээ дуучин болно гэдгээ хэлсэн үү, яаж хүлээж авсан бэ?

-Аав ээж, гэр бүл минь намайг дэмжиж байгаа. Найрал дууны тэмцээнд орох үед уурладаггүй. Зарим ээж аавууд хүүхдээ тэмцээнд орлоо гэж уурладаг юм байна лээ. Манай аав ээж бол тэгдэггүй.

-Маш том зүйлд зорьж байгаа юм байна. Тэгвэл ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд чи юу хийх ёстой гэж боддог вэ?

-Жил, жилээр л хичээнэ дээ. Угаасаа амархан хүрэхгүй байх. Би гайгүй дуулж чаддаг болохоор нэмж бүжиглэж суръя гэж бодож байна. Бас гадаадын сургуульд сурна. Би алдартай дуучин болтлоо хичээх болно. Тэгээд хамгийн түрүүнд ээж, аавдаа ирж мэндийг нь мэднэ. Манай найзууд аягүй мундаг. Надад байнга тусалдаг. Гэхдээ би бусдаас тусламж авахаас илүү өөрөө бусдад туслахад надад гоё санагддаг. Гудамжинд сууж байгаа хүмүүст туслахыг хүсдэг бас хүмүүст тусалж байгаа бичлэгүүд үзэх дуртай. Хүүхдүүд бусдад туслахгүй, нэгэндээ туслахгүй байхад миний уур хүрдэг. Аймар муухай.

-Ярилцлагынхаа төгсгөлд үеийнхэндээ болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүмүүстээ юу гэж хэлмээр байна?

-Бусад хүмүүс чамаас тусламж хүссэн үед тусалж байгаарай гэж хэлмээр байна. Ер нь сайн хүмүүс л бусдад тусладаг гэж боддог.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!